Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2025-04-07
Дэлхийн хамгийн аз жаргалтай орон Финланд

"Дэлхийн аз жаргалын индекс-2025" тайланг Оксфордын их сургуулийн Аз жаргалын судалгааны төв, Социологийн судалгааны Гэллап хүрээлэн, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн шийдлүүд байгууллага хамтран нийтлүүлжээ.

13 дахь жилдээ гарч байгаа энэ тайланд дэлхийн 147 улсыг иргэдийнх нь амьдралын сэтгэл ханамжид тулгуурлаж оноогоор эрэмбэлдэг.

Финланд улс энэ жил дараалан найм дахь удаагаа Дэлхийн хамгийн аз жаргалтай орноор шалгарсан байна.

Скандинавын хойгийн Дани, Исланд, Швед улсууд эхний 4 байрт жагсжээ.

Эхний 20 байрт Европын голдуу орнууд орсон бол, Азиас байхгүй байна.

Нийт 10 онооноос 6,66 оноотой Тайвань жагсаалтын 27-рт орсон бол, Япон улс 55, Өмнөд Солонгос 58, Хятад улс 68-рт, Монгол Улс 77-рт жагссан байна.

Нэг хүнд оногдох ДНБ, нийгмийн хангамж, дундаж наслалт, эрх чөлөө, өгөөмөр нинжин сэтгэл, авлигын ойлголт зэрэг тодорхой 6 шалгуур үзүүлэлтээр тухайн орны иргэдийн өгсөн үнэлгээнд тулгуурлаж гаргадаг жагсаалтыг энэ удаад 2022-2024 оны хоорондох дундаж үзүүлэлтийг харгалзаж гаргажээ.

Эхний 10 байрын 6-рт Латин Америкийн Коста-Рика улс, мөн Хамастай дайнтай байгаа Израил улс 8-рт, Мексик улс 10-т жагссан нь анхаарал татаж байна.

Мөн АНУ өнгөрсөн жилийнхээсээ нэг шат буурч 24-т жагсжээ. Улмаар 2012 онд энэ жагсаалтын анхныхад нь 11-т байсан байрнаасаа улам уруудсан үзүүлэлттэй гарчээ.

Ийм маягаар АНУ-аас гадна Европын цөөнгүй улсад иргэдийнх нь амьдралын сэтгэл ханамжийн үзүүлэлт, нийгмийн итгэлцэл илт буурсан дүн харагдаж байгааг шинжээчид тэмдэглэсэн байна.

Улмаар аз жаргалын түвшинг үнэлээд тухайн улсын нэг хүнд оногдох ДНБ, баялгийн хуваарилалт зэргийг харгалзан үздэг хэдий ч нийгмийн итгэлцэл, харилцаа холбоо хүмүүс бидний боддогоос ч илүүтэйгээр аз жаргалын шалгуур үзүүлэлт болох болсныг судлаачид онцолжээ.

Энэ жилийн жагсаалтын хамгийн сүүлд буюу 147-рт Афганистан орсон бол, Сьерра-Леон, Ливан, Малави зэрэг дайн хямралтай орнууд мөн энэ жагсаалтын сүүлийг мушгисан байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ