Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2025-04-09
Төв аймгийн хэмжээнд "Атар IV" тариалангийн тогтвортой хөгжлийн аяныг албан ёсоор эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газраас “Газар тариалан, мал аж ахуйн төгс хослолыг бий болгож, хүнс, хөдөө аж ахуйг эдийн засгийн тулгуур салбар болгон хөгжүүлэх” зорилгоор “Атар IV” аяныг улс орон даяар зарлаж, энэ хүрээндээ тариалангийн салбарт дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хөрс, уур амьсгалын онцлогт тохирсон шинэ болон ашигт таримлыг нутагшуулах, тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, төвийн бүсийг хөдөө аж ахуйн жишиг бүс болгон хөгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Харин Төв аймаг газар тариалангийн салбараа хөгжүүлэх хүрээнд тариалангийн талбайн ашиглалтыг 80-аас доошгүй хувь хүргэж, салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас улс орон даяар зарласан “Атар IV” аяныг аймгийн хэмжээнд эхлүүлж, нээлтийн арга хэмжээг “Монгол туургатан театр”-т зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд, Засаг дарга Л.Төмөрчөдөр тэргүүтэй аймаг, сумын удирдлагууд, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, газар тариалангийн салбараас төрөн гарсан Хөдөлмөрийн баатрууд, гавьяатууд, тариаланчид, механикжуулагчид оролцлоо.

Атар газрыг эзэмшиж, газар тариаланг хөгжүүлэх замаар хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, мал аж ахуйн тогтвортой өсөлтийг хангах, орчин үеийн техник технологи нэвтрүүлэх, эдийн засгийн хөгжлийг хурдасгах шаардлагын дагуу Атрын гурван удаагийн аяныг 1959, 1976, 2008 онуудад өрнүүлж, эдгээр аянд Төв аймагчууд манлайлан оролцож байв.

Төв аймаг өнгөрсөн онд 154.2 мянган га талбайгаас 462.7 мянган тонн ургац хураан авч, хүн амын хүнсний хангамжийг бүрдүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэж улсын хэмжээний хураан авсан ургацын үр тарианы 23 хувь, төмсний 66 хувь, хүнсний ногооны 16 хувь, тосны ургамлын 31 хувь, таримал тэжээлийн 57 хувийг тус тус үйлдвэрлэж төмс, таримал тэжээлийн үйлдвэрлэл болон нийт хураан авсан ургацаараа улсдаа тэргүүлсэн амжилтыг үзүүлсэн билээ.

Харин энэ онд аймгийн хэмжээнд 159.6 мянган га талбайд тариалалт хийж, 465.9 мянган тонн ургац хураан авахаар төлөвлөсөн. Тодруулбал үр тариа 72100 га талбайд тариалж 96342 тонн ургац, төмс 12353 га талбайд тариалж 16562 тонн ургац, хүнсний ногоо 3185 га талбайд тариалж 45940 тонн ургац, ногоон тэжээл 45000 га талбайд тариалж 121500 тонн ургац, тосны ургамал 26000 га талбайд тариалахаар төлөвлөн ажиллаж байна.

Газар тариалангийн салбарын тогтвортой хөгжлийг хангахын тулд улаанбуудай, таримал тэжээл, төмсний борлуулалтын асуудалд анхаарч, ажиллах хүч, салбарын боловсон хүчийг нэмэгдүүлж, таримал тэжээл, төмс, хүнсний ногооны механикжуулалтыг нэмэгдүүлэх, үр үржүүлэх аж ахуйг бүсчлэн хөгжүүлэх, өвлийн хүлэмжийг нэмэгдүүлэх зэрэг ажлыг зохион байгуулж бодлогын түвшинд авч үзэх шаардлага тулгараад байгаа юм. Мөн аймгийн хэмжээнд үрийн нөөц бүрдүүлэх, мод бутлаг ургамлын тариалалт, жимс жимсгэний нэр төрөл үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж смарт болгон хөгжүүлэх, зоорь, агуулахын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэх зайлгүй шаардлага тулгараад байна.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ