Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Саудын Арабын Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн сайд, Эрхэм дээд Ханхүү Файсал бин Фархан Аль-Саудтай тавдугаар сарын 25-ны өдөр уулзав.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцож, хамтын ажиллагааны болон улс төрийн зөвлөлдөх уулзалтын тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, анхны улс төрийн зөвлөлдөх уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар тохиролцов.
Сайд Б.Батцэцэг Монгол Улс Булангийн орнуудтай хөгжүүлж буй гадаад бодлогын хүрээнд Саудын Арабын Хаант Улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг хоёр улсын хөгжлийн бодлогыг уялдуулан хөгжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэв.
Энэ хүрээнд уул уурхай, эрчим хүч, хөдөө, аж ахуйн салбарт Саудын Арабын хөрөнгө оруулалтыг татах, манай улсаас мах, махан бүтээгдэхүүний экспортыг эхлүүлэх, аялал жуулчлалыг харилцан дэмжих, оюутан солилцох сонирхолтой байгааг илэрхийлээд ногоон хөгжлийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх саналыг тавив.
Гадаад хэргийн сайд Ханхүү Файсал бин Фархан Аль-Сауд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг дээрх салбаруудад идэвхижүүлэн хөгжүүлэхийн чухлыг онцлоод, хоёр улсын ГХЯ-д хоорондын цаашдын хамтын ажиллагааны эхлэлийг ийнхүү тавьж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.