Эрүүл мэндийн яамнаас ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуультай хамтран зохион байгуулж буй “Орчны эрүүл мэнд” үндэсний чуулган “Туушин” зочид буудалд өчигдөр эхэлсэн.
Орчны эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд, хүний эрүүл мэндэд үзүүлж байгаа сөрөг нөлөөг бууруулах, сэргийлэх хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлж, хүн амыг аюулгүй ундны усаар найдвартай хангах, ариун цэврийн байгууламж, хог хаягдлын менежментийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн бодлого хэрэгжүүлж, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулахад талуудын оролцоог ханган, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү чуулганыг зохион байгуулж буй юм.
Чуулганд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам, Шинжлэх ухааны академи, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС болон ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, орчны эрүүл мэндийн салбарын холбогдох мэрэгжилтнүүд, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл 200 гаруй хүн оролцож байна.
Оролцогчид “Хүрээлэн буй орчны чиглэлээр баримталж буй бодлого”, “Барилгын дотоод орчны агаарын чанарыг сайжруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ”, “Уур амьсгалын өөрчлөлт Монголд”, “Орчны эрүүл ахуйн хяналт шалгалтын үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” зэрэг сэдвээр илтгэл сонсож, орчны эрүүл мэндийн чиглэлээр хийсэн судалгааны тоймтой танилцаж тодорхой сэдвээр хэрэлцүүлэг өрнүүлэх юм.
Монгол Улсын Засгийн газраас “Орчны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг 2006-2015, 2017-2020 онд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж, хүрээлэн байгаа орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлтөөс хүний эрүүл мэндэд үзүүлж байгаа нөлөөллийг бууруулах замаар хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах, суралцах нөхцөлийг сайжруулах олон талт арга хэмжээг хэрэгжүүлсээр ирсэн. Тухайлбал, агаарын бохирдлын эрүүл мэндийн салбарт үзүүлэх эдийн засгийн хохирлын тооцоолол, агаарын бохирдол, багтраа өвчний харилцан хамаарлын хэтийн төлвийг тооцох, усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх, химийн хордлогын үед нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээг зохион байгуулах чадавхийг бүрдүүлэх, эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын нөлөөг бууруулах, орон нутгийн иргэдэд түшиглэсэн, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй усан хангамж, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн үйлчилгээг нэвтрүүлэх, орчны эрүүл мэндийн тандалт, судалгааг сайжруулах, нотолгоонд суурилсан бодлогыг хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлсэн.
Эдгээр арга хэмжээний дүнд хүрээлэн байгаа орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлтөөс хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулах чиглэлээр холбогдох байгууллагуудын чадавх, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлсэн хэдий ч Монгол Улсад агаар, ус, хөрсний бохирдлоос сэргийлэх, ус хангамж, ариун цэврийн байгууламжийг сайжруулах, хог хаягдлыг зөв зайлуулах, орчныг цэвэр байлгах асуудлууд гарц шийдлээ хүлээж, эрүүл мэнд, хүний хөгжил, сайн сайхан байдал, эдийн засгийн бүтээмжид аюул занал учруулсаар байгааг чуулганд оролцогчид ярьж байна.
Үндэсний чуулганыг зохион байгуулах зайлшгүй шаардлага хийгээд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх Ц.Эрдэмбилэгээс тодруулахад “Монгол Улсад агаар, ус, хөрсний бохирдлоос сэргийлэх, ус хангамж, ариун цэврийн байгууламжийг сайжруулах, хог хаягдлыг зөв зайлуулах, орчныг цэвэр байлгах асуудлууд гарц шийдлээ хүлээж, эрүүл мэнд, хүний хөгжил, сайн сайхан байдал, эдийн засгийн бүтээмжид сөрөг нөлөө үзүүлсээр байгаа юм. Хэдийгээр сүүлийн хэдэн жилийн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд нийслэлийн агаарын бохирдлын гол бүрдүүлэгч тоосонцрын агууламжийг бууруулж чадсан ч азотын давхар исэл, хүхэрлэг хий, хар тугалга эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байгаа нь хүн амын дунд амьсгалын замын өвчлөл, түүн дотроо уушигны цочмог, архаг үрэвсэл, хорт хавдар, зүрх судасны эмгэг, харшлын өвчин нэмэгдэх, хүний дархлааны түвшин буурах, хүүхдийн бие бялдрын өсөлт, хөгжилт саарах зэрэг сөрөг нөлөө үзүүлж байна. Хүн амьдралынхаа 90 хувийг өнгөрүүлдэгтэй холбоотойгоор орон байрны эрүүл ахуй, барилга байгууламжид ашиглаж буй будаг материалын чанар гээд олон зүйл эрүүл мэндэд шууд нөлөө үзүүлдэг. Тиймээс дотоод орчны стандартыг батлах шаардлагатай байна. Хөгжиж буй орнуудад бүх өвчин эмгэгийн 80 хувь, нас баралтын гуравны нэг нь усны бохирдолтой холбоотой бөгөөд манай улсад ч амын ундны усны чанар, усны эх үүсвэрийн аюулгүй байдлыг хангах нь чухал асуудлын нэг юм” гээд ундны ус, ариун цэврийн байгууламжийн өнөөгийн нөхцөл байдлын талаар тодорхой мэдээлэл өглөө.
Ц.Эрдэмбилэг зөвлөхийн ярьснаар манай улсад ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийн дэглэмийг зөрчиж барилга, байгууламж барих, газар тариалан, мал аж ахуй эрхлэх, уул уурхайн олборлолт явуулдаг нь ундны усыг бохирдуулах, улмаар ус хомсдох нөхцөлийг бүрдүүлж байна. Тухайлбал, төвлөрсөн ба төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрийн 32.3 хувь нь эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн дэглэм зөрчсөнөөс ундны усанд аммиак, нитрит, нитрат зэрэг бохирдлын химийн үзүүлэлтүүд жил бүр нэмэгдсэн судалгаа бий.
Ариун цэврийн байгууламжийн асуудал нь айл, өрхийн түвшинд төдийгүй эрүүл мэндийн салбарт ч ялангуяа сумын эрүүл мэндийн төвд тулгамдсан асуудал хэвээр байна. Сумдын эрүүл мэндийн байгууллагуудын 90 орчим хувь нь гаднаа нүхэн жорлонтой, 86.7 хувь нь төвлөрсөн бус бохир усны системтэй.
Гэр хорооллын айл өрхийн 80 гаруй хувь стандартын шаардлага хангахгүй нүхэн жорлон ашиглаж байгаагаас хөрс, орчныг бохирдуулж улмаар гэдэсний халдварт өвчний тархалтад нөлөөлдөг. Тухайлбал, 2021 онд зургаан төрлийн гэдэсний халдварт өвчний нийт 1063 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4202 тохиолдлоор буурсан хэдий ч жил бүр энэ өвчний тохиолдол бүртгэгдсэн хэвээр байгаа тухай тэрбээр мөн ярьсан.
Ус, ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдал, хот суурин газрын хөрсний бохирдлын байдалд шинжилгээтэй хяналт шалгалтыг орчны эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч нар хийдэг, хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг ханган орчны бохирдлоос хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлдэг ч Мэргэжлийн хяналтын байгууллага салбарын хяналт болж өөрчлөгдсөнтэй холбоотойгоор лабораторийн журам батлагдахгүй, шинжилгээний төлбөрийн асуудал шийдвэрлэгдэхгүй байгаагаас өнөөдрийг хүртэл хяналт шалгалтын төлөвлөгөөнд орсон ажлууд хийгдэхгүй байна гэдгийг чуулганд оролцогчид шүүмжилж байв.
Цаашид орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлтөөс хүний эрүүл мэндэд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах, суралцах нөхцөлийг сайжруулахад мэдэгдэхүйц ахиц гаргахын тулд сэргээгдэх эрчим хүч ашиглах, байгальд ээлтэй, зохистой, ногоон барилга, ногоон ажлын байр олноор бий болгож амьжиргааг сайжруулж, төвлөрлийг сааруулах зэргээр эдийн засаг, нийгмийн асуудлууд, технологийн дэвшлийг цогцоор авч үзэх шаардлага урган гарч байна. Эдгээр арга хэмжээний үр дүнд зөвхөн хүрээлэн байгаа орчны чанар сайжрах төдийгүй хүлэмжийн хийн ялгарал буурч, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад бодитой хувь нэмэр оруулна гэж үзэж байгааг ч эрдэмтэн судлаачид онцолж байлаа.
Үндэсний чуулган өнөөдөр олон улсын эрдэм шинжилгээний хурлаар үргэлжилж, орчны эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид судалгааны үр дүнгээс танилцуулж, санал зөвлөмж гарах юм.