Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2023-06-27
Удам зүй, ураг-нярай судлалыг хөгжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай

“Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах нь” үндэсний семинар өчигдөр “Кемпинский” зочид буудлын Хурлын танхимд эхэллээ.

ЭМЯ, ДЭМБ-тай хамтран зохион байгуулж буй энэхүү семинарт нийслэл, 21 аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлага, эмч, эх баригч нар оролцож, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр тодорхой асуудлуудыг хэлэлцэн, мэдээлэл солилцож байна.

Үндэсний семинарийн нээлтэд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, ДЭМБ-ын Номхон далайн бүсийн зохицуулагч Кубото Шого нар оролцов.

Дэд сайд С.Энхболд "Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг хангах хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмыг баримтлан, иргэдэд санхүүгийн дарамтгүйгээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авах, хүн амыг бүрэн хамруулахад анхаарч байгааг онцлоод “Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод эхийн эндэгдлийн түвшинг 2030 он гэхэд 100,000 амьд төрөлтөд 15, нялхсын эндэгдлийг 1000 амьд төрөлтөд 8 болгон бууруулах зорилт дэвшүүлсэн.

2022 онд хийгдсэн “Эх яагаад эндэв” судалгаанаас харахад эхийн эндэгдэл 100,000 амьд төрөлтөд 35.1 буюу 23 тохиолдол бүртгэгдсэнээс 91,3 хувь нь эмнэлэгт, 8,7 хувь нь гэртээ энджээ. Тус судалгаагаар эхийн эндэгдлийг бууруулахад эмч, эх баригч нарт эх барихын яаралтай тусламжийн сургалт чухал байгааг тодорхойлсон. Сүхбаатар, Ховд, Хөвсгөл, Говьсүмбэр, Төв, Увс аймгууд эхийн эндэгдлийг бууруулах тал дээр онцгойлон анхаарч ажиллах хэрэгтэй. Төрөх явцад болон төрсний дараах үед үүсэх эрсдэл, хүндрэл, эмгэгээс урьдчилан сэргийлэхэд жирэмсний хавсарсан эмгэгтэй эмэгтэйчүүдийг эрт илрүүлж, хугацаа алдалгүй эмчилгээ, хяналтад хамруулах эрүүл мэндийн байгууллага хоорондын уялдаа, чиг үүрэг, хариуцлагыг тодорхойлсон оновчтой тогтолцоо чухал юм” хэмээсэн.

Цаашлаад оношилгооны чадамжийг бүрдүүлэх, эмчилгээний эрх зүйн орчныг сайжруулах, эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадвар, ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах, удам зүй, ураг-нярай судлалыг хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлага байгааг ч дэд сайд яриандаа онцлон дурдсан.

Мөн Засгийн газраас хүн амын эрүүл мэнд, тэр дундаа эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад зарцуулах хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлэх, донор байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, зорилтот хөтөлбөрүүдийн уялдааг хангах, үр дүнг сайжруулах бодлогыг барьж байгааг танилцуулсан.

Гурван өдрийн турш үргэлжлэх энэхүү семинариар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулах аргыг хэрэглэн эх, хүүхдийн тусламж, үйлчилгээнд ахиц дэвшлийг нэмэгдүүлэх талаар хэлэлцэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах санаачилгад дэлхийн болон бүс нутгийн, орон нутагт хэрэгжүүлсэн шилдэг арга барил, сургамж, сорилт, сайн туршлагыг хуваалцах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах талаар цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн болон үйлчилгээ үзүүлэгчийн аюулгүй байдлын асуудалд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ихээхэн анхаарал хандуулж “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын үндсэн хэмжигдэхүүн” гэж тодорхойлсон.

Тус байгууллагын 2021 оны судалгаагаар 10 үйлчлүүлэгч тутмын нэг нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах үедээ аюулгүй байдал алдагдсан тохиолдолд өртөж, дунд болон бага орлоготой улс орны эрүүл мэндийн байгууллагад тусламж, үйлчилгээнээс үүдсэн 134 сая алдааны тохиолдлын улмаас жил тутамд 2,6 сая эндэгдэлд хүргэж байгаа тухай дурджээ.

Түүнчлэн жирэмсний хяналт зөвхөн эрүүл мэндийн байгууллагаас хамаарахгүй байна. Иргэдийн эрүүл мэндийн боловсрол, сул байгаагаас жирэмсэн үеийн хүндрэлтэй, эрхтэн тогтолцооны эмгэгтэй, эх жирэмсний хяналтад орохгүй байх, эцэг эх, асран хамгаалагч хүүхдэд тавих анхаарал, халамж хангалтгүй нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжид шууд нөлөөлж байна. Иймээс бусад салбарын оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна.

Түүнчлэн эрүүл мэндийн салбарын үндсэн зорилго болох дэлхийн жишигт хүрсэн тусламж, үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд эрүүл мэндийн байгууллага бүрийн нэгдмэл, оновчтой үйл ажиллагаа, зохион байгуулалт бүхий удирдлагын багийн үүрэг чухал төдийгүй, эмнэлгийн мэргэжилтэн бүрийн ёс зүй, харилцаа хандлага, хүнлэг энэрэнгүй сэтгэл, мэргэжлийн чадвар, хариуцлагатай байдал чухал үр нөлөөтэйг семинарийн үеэр ярьж байлаа.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ