Америкийн Нэгдсэн Улсын боловсролын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцах монгол оюутны тоог ахиулах зорилтын хүрээнд Фулбрайтын магистрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутны тоог нэмэгдүүлэх чиглэлээр Гадаад харилцааны яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ ажиллаж, АНУ-ын Төрийн департаменттай тохиролцоонд хүрсэн.
Үүнтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, АНУ-ын Олон улсын боловсролын хүрээлэнгийн Дэд ерөнхийлөгч Эдвард Монкс нар “Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилт, үйлчилгээний гэрээ”-нд 2023 оны есдүгээр сарын 21-ний өдөр Нью-Йорк хотноо гарын үсэг зурлаа.
Уулзалтад Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Олон нийтийн дипломат ажиллагаа болон олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн орлогч Элизабет М.Аллен нар байлцав.
Шинэчлэн байгуулсан гэрээний дагуу 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн Монгол Улсаас хоёр улсын Засгийн газрын хамтарсан санхүүжилттэй Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутны тоо хоёр дахин нэмэгдэж, жил бүр 40 хүртэл монгол оюутан (шинээр 20, төгсөх 20) АНУ-ын шилдэг их, дээд сургуульд магистрын түвшинд суралцах боломж бүрдэж байна.
Фулбрайтын гадаад оюутны тэтгэлэгт хөтөлбөр нь залуу мэргэжилтнүүдэд АНУ-д магистрын зэрэг эзэмших боломжийг олгодог бөгөөд АНУ-ын Засгийн газрын боловсролын солилцооны хөтөлбөрүүдийн хамгийн том тэтгэлэгт хөтөлбөр юм. Тус хөтөлбөрт жилд 160 гаруй улсын 4000 орчим оюутан хамрагддаг.
АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын оюутны хөтөлбөр Монгол Улсад 1994 оноос хэрэгжиж эхлэн, жилд 3-5 оюутан хамрагдаж байсан бол 2011 оноос Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газрын хамтарсан санхүүжилттэй магистрын хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр жилд дунджаар 20 оюутан суралцаж байгаа юм.