Боловсролын ерөнхий газар, IEDC-Pearson partner Mongolia хамтарсан баг сурагчдын амралтын өдрүүдээр 8 аймагт "Pearson" хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх сургалт, зөвлөн туслах үйл ажиллагаа зохион байгуулахаар болжээ.
Төрийн өмчийн ЕБС-иудын V-VI ангид англи хэлний хичээл зааж буй багш нарын "Pearson" хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд энэхүү арга хэмжээ тус дөхөм болно хэмээн зохион байгуулагчид үзэж байна.
Сургалт, зөвлөн туслах үйл ажиллагааны үеэр багш нарын платформын хэрэглээний мэдлэгийг сайжруулах, заах аргазүйд дэмжлэг үзүүлэх юм. Мөн сургуулийн захирал, сургалтын менежерт платформын хяналт, шинжилгээ хэрхэн хийх арга зүй, сургалтын орчны бэлэн байдал, цахим платформын бүртгэл, ашиглалт, сургалтын зохион байгуулалтын талаар мэдээлэл хүргэхээр төлөвлөсөн гэлээ.
"Pearson" хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх сургалтыг 11 дүгээр сарын 6-наас 10-ны өдрүүдэд Увс, Ховд, Говь-Алтай, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Дундговь, Өмнөговь аймагт зохион байгуулна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.