Цаг агаар
Валютын ханш
Спорт
2023-11-10
“Ханжоу-2022” Азийн пара наадмаас медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчид 58 сая төгрөг олгоно

БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын пара наадам аравдугаар сарын 22-28-ны өдрүүдэд болсон бөгөөд Монголын баг тамирчид спортын 14 төрөлд 68 тамирчнаа илгээхэд найман тамирчин (2 алт, гурван мөнгө, гурван хүрэл) медаль хүртсэн юм.

Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга нар өнөөдөр тус наадмаас медаль хүртсэн баг тамирчдад хүндэтгэл үзүүлж, зарим тамирчин, дасгалжуулагчийг шагнаж урамшуулав. 

“Ханжоу-2022” Азийн пара наадмын таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн У.Сүрэнжав, жүдо бөхийн -90 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Б.Баттөгс, хөнгөн атлетикийн дасгалжуулагч В.Батболд, пауэрлифтингийн дасгалжуулагч Б.Энхбаяр нарыг Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналаа.

IV Азийн пара наадмаас Д.Ганбат (жүдо), Г.Болор-Эрдэнэ (таеквондо) нар алт, Э.Содномпилжээ (пауэрлифтинг), У.Сүрэнжав (таеквондо), Д.Саруултөгс (зээрэнцэг шидэлт) мөнгө, Л.Туруунаа, Б.Баттөгс (жүдо), Ц.Баттулга (бөөрөнцөг түлхэлт) нар хүрэл медаль хүртсэн билээ.

БТСУХ-ны зүгээс хөнгөн атлетикийн Үндэсний шигшээ багийн тамирчин П.Энхманлайд 20 сая төгрөгийн үнэ бүхийн уралдааны тэргэнцэр гардууллаа. П.Энхманлай нь Монгол Улсын 13 удаагийн аварга, гранпри тэмцээний алт, мөнгө, хүрэл медальтай, ДАШТ-д гурван удаа, “Токио-2020” зуны паралимпын наадамд эх орноо төлөөлөн оролцсон тамирчин юм.

Арга хэмжээнд Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Баттулга, ОНБТСҮХ-ны Ажлын албаны дарга Э.Тэмүүжин, БТСУХ-ны Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Нямсүрэн, Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт, Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, Монголын үндэсний паралимпын хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү нарын хүндтэй эрхмүүд оролцов.

“Ханжоу-2022” Азийн наадамд оролцсон Монголын баг тамирчдаас хамгийн ахмад нь 65 настай волейболын ттамирчин Ч.Нарантуяа байсан бол залуу нь усанд сэлэлтийн тамирчин Х.Номуун байв. Мөн тус наадамд туялзуур сэлэм, усанд сэлэлт, го даам, шатрын спортын төрөлд Монголын тамирчид анх удаа оролцлоо. Энэ наадмаас медаль хүртсэн найман тамирчин, түүний дасгалжуулагч зургаа, нийт 14 хүнд Засгийн газрын 173 дугаар тогтоолын дагуу 58 сая 500 мянган төгрөгийн мөнгөн шагнал олгох юм.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ