Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2023-12-03
Боловсролын салбарт “Google For Education”-ний бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлнэ

“Монгол Улс х Google Түншлэл” ёслолын арга хэмжээ өнөөдөр болж “Google for education”-ний бүтээгдэхүүн үйлчилгээг боловсролын салбарт нэгтгэх ажлын эхлэл тавигдлаа.

Энэхүү арга хэмжээнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Google for education, Ази Номхон далай, Япон хариуцсан захирал Колин Марсон,  АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Ричард Л.Бунган, Google for education, Ази Номхон далай, Японы Засгийн газар, боловсролын түншлэл хариуцсан захирал Крис Харте нар оролцсон.

Арга хэмжээний үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Бид мэдлэг, инновацийн эрэл хайгуулын чухал үе шатны гэрч болон Монголын Улсын боловсролын орчныг шинэчлэх дижитал хувьсгалын босгон дээр зогсож байна. “Google for education”-ийг нэвтрүүлэх нь зөвхөн технологийн өөрчлөлт биш юм. Багш, сурагчид, сургалтын байгууллагууд хил хязгаарыг давж, шинэ боломжуудыг нээх арга хэрэгслээр чадавхжуулах боломж гэж харж болно. Мэдээллийн эрин зуунд дэлхий ертөнц улам бүр харилцан уялдаатай болж, манай боловсролын систем 21-р зууны сорилт боломжуудыг хангахын тулд хувьсан өөрчлөгдөх нь нэн чухал” хэмээн онцлон хэллээ. Мөн “Google for education” бүтээгдэхүүнээр дамжуулан ангийн хана, байшингаар хязгаарлагдахгүй, интернэтийн хязгааргүй хүрээг хамарсан сургалтын орчныг бүрдүүлэхийг зорьж байгаа бөгөөд  өөрчлөлтийн аянд дэмжин ажиллахаар болсон “Google for education”-ний хамт олонд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

Боловсролын цахим шилжилтийн хүрээнд “3-СИ” буюу content-сургалтын хөтөлбөрийг сайжруулж, контентын сан бүрдүүлэх , capacity-чадавхыг бэхжүүлэх, connectivity-цахим боловсролын сургалтын дэд бүтцийг сайжруулах гэсэн үндсэн зорилттойгоор хэрэгжүүлж байна. Capacity building-н хүрээнд Багш нарын мэдээллийн технологийн ур чадварыг чадавхжуулах сургалтын зохион байгуулах, Connectivity-г шийдвэрлэх хүрээнд багш бүрийг компьютержуулэх, сургууль бүрийг цахим сургалтын анги, танхимтай болгох, Content хэрэглэгдэхүүний хүрээнд цахим сурах бичиг, цахим хосолсон сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байна. Энэ шилжилт нь хүүхэд бүр өөрт тохирсон сургалтыг хүлээн авах боломжийг бий болгох, мэдээллийн технологийн шийдлийг ашиглан хүн бүр мэдлэг, чадварыг хүлээн авах тасралтгүй хөгжлийн боломжийг бий болгох юм.

Шинэчлэл өөрчлөлт бүрийг хүлээн авахад бэрхшээл, асуудал тулгарах хэдий ч “Google for education”-тэй хамтран, боловсролын салбарын цахим шилжилтийн зорилтод хүрэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт, болон бусад асуудлыг шийдвэрлэхэд төр хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх боломжтой. Мөн Google-ийн шилдэг ДАТА-Аналитик хэрэгслийг ашиглан тавьсан зорилт үзүүлэлтийг хянах, хүүхэд бүрийн ахиц дэвшлийг үнэлж, нэг ч сурагчийг орхигдуулахгүй байх боломж бүрдэнэ хэмээн арга хэмжээний үеэр салбарын мэргэжилтнүүд хэлж байлаа.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ