Өнгөрөгч даваа гарагт буюу энэ сарын 1-нд Японд болсон газар хөдлөлтийн улмаас өнөөдрийн байдлаар 84 иргэн нас барж, 79 иргэн сураггүй алга болоод байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан АНУ-аас гамшгийн голомтот эрэн хайх, аврах ажиллагаанд цэргийн тусламж үзүүлэхээс гадна 100 мянган ам.долларын үнэ бүхий хүмүүнлэгийн тусламжийг үзүүлэхээр болжээ.
Мөн БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Цян “Эмгэнэл илэрхийлж, газар хөдлөлтийн дараах эрэн хайх, аврах ажиллагаа болон хариу арга хэмжээнд шаардлагатай дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа” гэдгээ мэдэгдээд байна.
Газар хөдлөлт болсноос хойш өнөөдрийг хүртэл нийт 600 орчим удаагийн давтан чичирхийлэл мэдрэгджээ.
Ишикава муж хамгийн их хохирол амсаж, олон мянган айл өрх гэрэл цахилгаангүй хэвээр байгаа бөгөөд 34 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлж, Ишикава, Тояма, Ниигата мужид 110 мянга орчим өрх усгүй хэвээр байна.
Японы Засгийн газраас гамшгийн хариу арга хэмжээнд дөрвөн тэрбум иен буюу 28 сая ам.долларыг зарцуулахаар төлөвлөжээ.