Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2024-01-16
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа.

Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 28 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 90.4 хувьтай байв. Тухайлбал, хот, нийтийн аж ахуйн чиг үүргийг дүүргүүдэд шилжүүлсэнтэй холбогдуулан нийтийн эзэмшлийн гудамж, талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламж, гэрэлтүүлгийн арчлалтыг дүүргүүд бүрэн хариуцаж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах үүрэг өгсөн.

Энэ хүрээнд УБЗАА-наас өнгөрсөн долоо хоногийн хугацаанд тус гурван чиглэлээр хяналт шалгалтыг зохион байгуулсан байна.

Гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцаж байсан есөн байгууллагыг дүүргүүдэд шилжүүлжээ. Гэрэлтүүлгийн асалтад шалгалт хийхэд нэгдүгээр сарын 6-10-ны хооронд гэрэлтүүлгийн асалт 98.2 хувьтай байсан бөгөөд 20 орчим гудамж, талбайн 395 гэрэл асахгүй байгаа зөрчил илэрчээ.

Өнгөрсөн 11 хоногт дүүргүүд халтиргаа гулгааг арилгах зорилгоор хариуцсан гудамж, талбайдаа нийт 596 тонн давс, 820 тонн бодис, 195 шоо метр хайрга цацсан байна. Түүнчлэн 25 аж ахуйн нэгж, хоёр төрийн бус байгууллага ногоон байгууламжийн арчилгаа буюу бутыг цасаар манах, хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх зэрэгт өдөр тутмын хяналт тавьж ажиллаж байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/07 дугаар захирамжаар мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Ажлын хэсгийг байгуулснаас хойш нийт 82 албан хаагч 26 тээврийн хэрэгсэлтэйгээр 3942 толгой малыг гаргажээ. Мөн "Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журам"-ын төслийг боловсруулж, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулаад байна.

СӨХ-дын хариуцсан орон сууцны хорооллын дундах авто зам, явган хүний зам, гудамж, талбайн цас мөс, хог хаягдлын цэвэрлэгээ, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын орчны 50 метр хүртэлх зам талбайн цас мөсний цэвэрлэгээнд дүүргүүд тогтмол хяналт тавьж ажиллах үүрэг даалгавар өгсөн. Энэ хүрээнд 829 СӨХ, 7631 иргэн, 8254 аж ахуйн нэгж, байгууллага, төрийн 221 байгууллага нийтийн эзэмшлийн 486,000 ам метр зам, талбайн цас мөсийг цэвэрлэсэн байна.

Мөн үерийн хамгаалалтын далан сувагт үүссэн халиа тошингийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд таван байршилд 17 ажилтан 14 машин техниктэйгээр, нийт 1464 суваг татаж, 1270 тонн мөсийг зөөн, гүүрэн гарцын доод бөглөрсөн хэсгийг нээлээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ