Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2024-02-15
Бөхөн хамгааллын олон улсын хуралд оролцлоо

Узбекистан Улсын Самарканд хотод болсон Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцын талуудын 14 дүгээр бага хурлын (CMS COP14) үеэр Бөхөн хамгааллын салбар хуралдаанд Монгол Улсыг төлөөлөн Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг, Байгаль зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн захирал Жастин Шанти, ахлах судлаач Б.Бүүвэйбаатар, судлаач С.Болорцэцэг болон бусад судлаачид оролцлоо.

Уг салбар хуралдааныг Бөхөн хамгаалах нийгэмлэг зохион байгуулсан ба Казакстан, Киргизстан, ОХУ, Тажикстан улсын төрийн байгууллагуудын төлөөлөл, Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газар (CITES),  АНУ-ын Загас, Зэрлэг Амьтан Судлах Алба (USFWS), Бөхөн Хамгаалах Холбоо (SCA), Алтан Далай Санаачилга (ADI), Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS), Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцов.

Хуралдааны үндсэн илтгэлд:

Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн ахлах судлаач, амьдрах орчны хөтөлбөрийн менежер Б.Бүүвэйбаатар “Монгол орны бөхөнгийн хамгаалал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар илтгэл тавьсан ба илтгэлд: 2024 онд Монгол Улсын Засгийн газраар батлуулах “Бөхөн хамгааллын стратеги төлөвлөгөө”, шугаман дэд бүтцийн бүтээн байгуулалтын явцад бөхөнгийн популяцийг хэрхэн хамгаалах, бөхөнгийн тоо толгой 2018 оноос 2023 оны хооронд 3391-ээс 15540 болтол өссөн ололт амжилт, олон улсын байгууллагууд иргэний нийгмийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллаж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар онцлон дурдлаа.

Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн судлаач, менежер С.Болорцэцэг “Бөхөнгийн хууль бус  худалдааг таслан зогсоох” талаар иргэний нийгмийн байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг хэрхэн үр дүнтэй зохион байгуулсан талаар илтгэл тавьж оролцлоо.

Хуралд мөн Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Байгаль хамгааллын захирал Б.Чимэддорж, Говь-Алтай аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Олонбаатар, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн судлаач магистр Ч.Баярмаа нар оролцон Монгол бөхөнгийн хамгааллын талаар авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа сурталчлан Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн Залуу судлаач Ч.Баярмаагийн Бөхөн хамгааллын жижиг төслийн хүрээнд 2023 онд хийсэн бөхөнгийн идэш тэжээлийн судалгааны ажил нь хуралд оролцогчдын анхаарлыг ихэд татаж, сайшаагдан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны ажлаар үнэлэгдэж тэтгэлэгт шагналаа гардан авлаа.

Байгаль хамгаалах үйлсэд гаргасан амжилтыг нь үнэлэн “Шилдэг бөхөн хамгаалагч” шагналаар Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын биологийн олон янз байдлын мэргэжилтэн Г.Олонбаатар шагнагдаж Монгол Улс Бөхөн хамгааллын салбар хуралдаанд амжилттай оролцлоо.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ