Цаг агаар
Валютын ханш
Спорт
2024-02-15
Эйфелийн цамхаг шингэсэн Олимпын медаль

Хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл, зуны XXXIII Олимпын наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис хотноо болно. 

“Парис 2024” Олимпын шилдэг тамирчдын амжилтын баталгаа болох медалийн эх бүтээлийг зохион байгуулах хорооноос танилцууллаа.

Олон улсын олимпын хорооны зөвлөмжийн дагуу медалийн нүүрэн талд Грекийн ялалтын бурхан Никэ болон "Афин 1896" анхдугаар Олимпын наадам өрнөсөн Панатинаикос цэнгэлдэх хүрээлэнг дүрсэлснээс гадна Парис хотын бэлгэ тэмдэг Эйфелийн цамхгийн дүрсийг багтаажээ. Харин ард талд нь 1887-1889 онд Эйфелийн цамхгийг сэргээн засварлах үед гарсан төмөр хэлтэрхий хэсгүүдээр эх газар дахь Франц улсыг санагдуулах зургаан өнцөгтийг урласан байна.

“Парис 2024” Олимп болон Паралимпын медалийн хэмжээ нь 9.2 мм зузаан, 85 мм диаметртэй байх ба медаль тус бүр Эйфелийн цамхгийн 18 г төмөр агуулах бөгөөд алтан медаль 529 г /цэвэр алт 6 г/, мөнгөн медаль 525 г, хүрэл медаль 455 г жинтэйгээр нийт 5084 ширхэг хийгдэх аж.

Энэ удаагийн наадмын медалийн загварыг 240 гаруй жилийн түүхтэй Францын гоёл чимэглэлийн Чаумет /Chaumet/ брэнд хамтран бүтээсэн бөгөөд нарны туяа болон гэрлийн тусгал медалийг түлхүү чамин харагдуулна хэмээн онцоллоо.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ