Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.
Өнөөдөр Монголын оюутны спортын холбоо, наадмын зохион байгуулах хороо болон их дээд сургуулийн төлөөлөл хэвлэлийн бага хурал зохион байгуулж наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.
Энэ удаагийн наадамд 34 их дээд сургуулийн 2400 гаруй оюутан тамирчид спортын 10 төрлөөр өрсөлдөнө.
Мөн энэхүү наадмын жүдо, сагсан бөмбөгийн төрлүүдэд үндэсний шигшээ багийн тамирчдын 70 гаруй хувь оролцоно гэсэн судалгаа гарчээ.
Наадмын бэлгэдлийг зөвхөн Монгол Улсад байдаг "Мазаалай" баавгайг сонгосон байна.
Тэд мазаалайг хайрлаж хамгаалах, тоо толгойг нэмэгдүүлэхэд нийгмийн анхаарлыг хандуулж байгаа нь оюутны спортын наадмаар дамжуулж нөлөөллийн ажил болж буйг өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр онцолж байлаа.
Зохион байгуулагчид тэмцээн уралдаан явагдах ордон, медаль болоод тус наадамд зориулан гарсан сэтгүүлийг мөн танилцуулав.