Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2023-04-14
Цахим шилжилтийн талаар Баянзүрх дүүргийн төрийн албан хаагчдад танилцууллаа

Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарласан. Тэгвэл цахим шилжилтийг эрчимжүүлэх, авлига, хүнд суртлыг арилгах “Шилэн ажиллагаа"-ны хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам (ЦХХХЯ), НЗДТГ хамтран "Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо" сэдэвт цуврал уулзалтыг зохион байгуулж байна. Өнөөдрийн уулзалтад ЦХХХ-ны сайд Н.Учрал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Монгол Улсын Засгийн газар, ЦХХХЯ, НЗДТГ-аас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар Баянзүрх дүүргийн холбогдох төрийн албан хаагчид, хороодын хэсгийн ахлагч нартай санал солилцох зорилгоор тус уулзалтыг хийсэн юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн хэмжээнд салбар бүрд хийж буй цахим шилжилтүүдийг танилцуулав. Тэрбээр “Цахим шилжилтийн хүрээнд “Онлайн бизнес төв”, “E-School” систем, хэсгийн ахлагч нарын систем, өрхийн эмнэлгийн цаг захиалах систем, “UB map” газрын зургийн систем зэрэг томоохон төслүүдийг эхлүүлсэн. Эдгээрийн дараа олон төрлийн системүүдийг нэвтрүүлэх хэрэгцээ бий. Бид Улаанбаатарыг дижитал хот болгох томоохон зорилго тавиад ажиллаж байна. Тиймдээ ч ЦХХХ-ны сайд Н.Учралтай хамтраад Улаанбаатар хотыг авлигаас ангид байлгах, зардал чирэгдлийг бууруулах, төрийн хүнд суртлыг багасгах чиглэлээр олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нийслэлд төрийн 48 мянган албан хаагч ажилладаг. Эдгээр албан хаагчийнхаа ажлын ачааллыг бууруулах, хялбаршуулах, бүтээмжийг нэмэхээс гадна хүнд суртлыг багасган, бүх үйл ажиллагааг ил тод шилэн болгох хэрэгтэй. Ингэж чадвал төр, иргэн хоорондын гүүрэн харилцаа улам бат болно” хэмээв.

Мөн тэрбээр хөгжлийн үндэс болсон газрын харилцааг нийтэд ил тод, нээлттэй болгохоор ажиллаж байгаагаа онцолсон юм.  

Түүнчлэн ЦХХХ-ны сайд Н.Учрал "Шилэн төр, цахим шилжилт”-ийн хүрээнд хийхээр төлөвлөсөн онцлох ажлуудаа танилцуулав. Мөн “Монгол Улсын Засгийн газар 2022-2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарласан. Энэ хүрээнд “5Ш” ажиллагааг хэрэгжүүлж буй. Үүнийг нэг болох “Шилэн” ажиллагааг миний бие ахлан ажиллаж байгаа. “5Ш” ажиллагааны үндэс суурь “Шилэн” байхаас эхэлнэ. Аливаа зүйл ил тод, нээлттэй байх тусмаа сургаар биш, судалгаанд суурилсан, тоо баримттай, статистиктайгаар бодит мэдээлэлд хандаж, шүгэл үлээх боломж нээгддэг” гэдгийг тодотгож байлаа.

Төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, үйлчилгээнийх нь хүртээмжийг нэмэх, бизнес эрхлэх орчныг сайжруулж, тусгай зөвшөөрлийг олгох үйл явцыг цахимжуулах чиглэлээр хийж буй “Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо” сэдэвт уулзалтыг цаашид дүүрэг бүрд зохион байгуулах юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ