Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2023-04-18
Газар хөдлөлтийн нөхцөл байдал, барилгын стандартын талаар мэдээлэл хийлээ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор ирэх тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд “Стратегийн команд штабын сургууль”-ийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Энэ хүрээнд нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр НОБГ-ын дарга А.Дашням Улаанбаатар хотын газар хөдлөлтийн нөхцөл байдал, Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам барилга байгууламжийн стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн юм.

Улаанбаатар хотын газар хөдлөлтийн талаарх мэдээллийг Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням танилцууллаа. Тэрбээр “Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар Улаанбаатар болон хот орчмын бүс нутагт 404 удаа газар хөдөлсөн. Үүнээс нэг магнитудын хүчтэй газар хөдлөлт 234, 1-1.9 магнитуд 148, 2-2.9 магнитудын газар хөдлөлт 18, гурваас дээш магнитудын газар хөдлөлт дөрвөн удаа болсон байна. Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаа. Сүүлийн 10 жилийн хугацаанд 12 мянга гаруй удаа газар хөдөлсөн. Үүнээс 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт 68 удаа бүртгэгдлээ. Улаанбаатар хотод газар хөдлөлтийн долоон хагарал байна” гэлээ.

С.Төмөрдулам: Барилга хоорондын зай бариагүй, аюулгүй байдал хангаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрчээ

Нийслэлийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудаас барилга, байгууламжийн чиглэлээр ирүүлсэн өргөдөл, гомдол, барилгын чанар, стандартын зөрчил, өнөөгийн нөхцөл байдлын талаар Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам мэдээлэл өгөв. Тэрбээр “Он гарснаас хойш 375 өргөдөл, гомдол, хүсэлт ирсэн. Тухайлбал, хот төлөвлөлтийн норм, дүрэм, стандартын тухай 67, барилга угсралтын чанарын тухай 143, барилга ашиглалтын үед гарч буй зөрчлийн тухай 43, орон сууцны контор, СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой 122 өргөдөл гомдол, хүсэлт ирсэн” гэлээ. Барилга хоорондын зай бариагүй, орц, гарц, авто зогсоол хүрэлцээгүй, барилгын талбай, хашааны аюулгүй байдал хангаагүй, барилга ашиглалтад авсны дараа зориулалт өөрчилж, техникийн давхарт айл амьдруулсан зэрэг нийтлэг зөрчил илэрчээ.

Эх сурвалж: ОБЕГ

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ