Биеийн тамир, спортын улсын хорооны нийт ажилтан, албан хаагчид өнөөдөр “Парис-2024” зуны олимп, паралимпын наадмаас медаль хүртсэн тамирчид, түүний дасгалжуулагч нарт тогтсон уламжлалын дагуу хүндэтгэл үзүүллээ.
“Парис-2024” олимпын наадмын жүдо бөхийн төрөлд гавьяат тамирчин Б.Баасанхүү мөнгө, “Парис-2024” паралимпын наадмын таеквондогийн төрөлд Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одонт У.Сүрэнжав алт, Сүхбаатарын одонт, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ мөнгө, пауэрлифтингийн төрөлд Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одонт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, хөнгөн атлетикийн төрөлд гавьяат тамирчин Ц.Баттулга нар мөнгөн медаль хүртсэн билээ.
БТСУХ-ны дарга О.Баттулга хэлсэн үгэндээ “Төр засаг, ард түмнийхээ итгэлийг алдалгүй олимп, паралимпын наадмаас медаль хүртсэн та бүхний бахдам амжилтаар бахархаж байна. Бэлтгэл сургуулилалтаа улам чамбайруулж, “Лос-Анжелес-2028” олимп, паралимпын наадамд төрийн дуулалаа эгшиглүүлэхийг хүсэн ерөөе” гэв.
“Парис-2024” олимпын наадамд Монгол Улсаас спортын есөн төрөлд 32 тамирчин, паралимпын наадамд спортын зургаан төрөлд 12 тамирчин өрсөлдсөн юм.