Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2024-11-14
"Тавантолгой төмөр зам" ХХК БНХАУ-ын төмөр замын тэргүүлэгч компанитай хамтран ажиллахаар тохиролцов

"Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Будбаяр БНХАУ-ын төрийн өмчийн “China Railway Rolling Stock Corporation” буюу “CRRC” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Зам тээврийн хөгжлийн сайдын зөвлөх М.Сүхбаатар, Ц.Золжаргал, ТТЗ ХХК-ийн Ерөнхий инженер Ч.Гартаам тэргүүтэй тус компанийн алба, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцлоо.

Уулзалтын эхэнд "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Будбаяр “CRRC” компанийн төлөөлөгчдийг компанийн үйл ажиллагаатай танилцаж байгаад талархсанаа илэрхийлээд байгууллагынхаа үүсэн байгуулагдсан түүх, одоогийн бүтэц зохион байгуулалтын талаар товч мэдээлэл өгөв.

“CRRC” компанийн дэд менежер Юи Жихон “Тавантолгой төмөр зам ХХК нь одоогоос зургаан жилийн өмнө зөвхөн ярианы түвшинд хэлэлцэгдэж байсан бол богино хугацаанд төмөр замын бүтээн байгуулалтаа дуусгаад, тээвэрлэлт рүү шилжиж үйл ажиллагаагаа хурдацтай өргөжүүлж байгаа нь сайшаалтай хэрэг“ гэдгийг онцлоод тус компанитай олон талаар хамтын ажиллагааг эхлүүлэх саналтай байгаагаа дурдав.

Тэрбээр хэлэхдээ “CRRC нь 116 улсад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг Хятадын төдийгүй дэлхийн зах зээлд хөдлөх бүрэлдэхүүний үйлдвэрлэл, засвар үйлчилгээгээр тэргүүлдэг томоохон компанийн нэг юм. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтод БНХАУ-ын талаас хамтран ажиллах “Чайна Энержи” групп ч мөн манай бүтээгдэхүүнийг ихэвчлэн захиалдаг.Тэр утгаараа “Тавантолгой төмөр зам“ ХХК-тай олон талаар хамтран ажиллах боломжтой. Тодруулбал, шинэ технологи нэвтрүүлэхэд шаардлагатай инженер техникийн ажилтнуудыг сургаж бэлтгэх, хөдлөх бүрэлдэхүүний засвар үйлчилгээний сургалт зохион байгуулах зэрэг олон чухал асуудалд хамтран ажиллахад бид үргэлж нээлттэй байх болно” гэв.

Уулзалтын үеэр Тавантолгой ХХК-ийн Вагоны аж ахуйн хэлтсийн дарга Б.Мөнх-Оргил "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн одоо ашиглаж буй хөдлөх бүрэлдэхүүн, техник технологийн талаар дэлгэрэнгүй танилцуулсны дараа талууд харилцан санал солилцлоо.

Ийнхүү энэ удаагийн уулзалтын үр дүнд хоёр компани Монгол Улсад ачааны вагон угсрах, үйлдвэрлэлийг хөгжүүлэхтэй холбоотой төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний чиглэлээр хамтын ажиллагааг идэвхжүүлэх, судалгаа хийх, харилцан туршлага солилцох талаар Хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тохиролцов.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ