Япон улс хиймэл оюун, хагас дамжуулагчийн салбараа сэргээх төлөвлөгөөгөө олон нийтэд танилцууллаа.
Төлөвлөгөөний дагуу 2030 он гэхэд 10 их наяд иен (65 тэрбум ам.доллар) буюу түүнээс дээш хэмжээний дэмжлэгийг үзүүлнэ хэмээн тус улсын Ерөнхий сайд Шигэрү Ишиба мэдэгдэв.
Тэрбээр “Бид ирэх 10 жилийн хугацаанд 50 их наяд иенийн төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах шинэ тогтолцоог боловсруулна. Энэ нь Японы хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагааг сэргээх алхам болно” хэмээн онцоллоо.
Энэхүү төлөвлөгөө нь эдийн засгийн цогц бодлогын нэг хэсэг бөгөөд татаас, төрийн байгууллагуудын хөрөнгө оруулалт, өрийн баталгаа зэргээр санхүүлэх аж. Улмаар Япон Улс хагас дамжуулагчийн нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлээх төлөвлөжээ. Мөн 2030 он гэхэд дотооддоо үйлдвэрлэсэн чипийн борлуулалтыг гурав дахин нэмэгдүүлж, 15 их наяд иен болгохоор зорьж байна.