Ер нь бүх хүнийг архинд хандах хандлагаар нь таван бүлэгт хуваадаг.
Үүнд нэгдүгээрт, эрүүл бүлэг буюу огт архи хэрэглэдэггүй хүмүүс, хоёрдугаарт туршигчид буюу амсагчид, гуравдугаарт, хэрэглэгчид. Энэ нь шаардлагатай үед хэний ч шахалтгүйгээр 100-250 грамм архи хэрэглэдэг хүмүүсийг хэлдэг.
Харин янз бүрийн шалтаг шалтгаанаар архийг хэрэглэж, хэрэглэсэн үедээ даварч, эрүүл мэнд нийгэм, сэтгэлзүйн хувьд хохирол амсч буй хүмүүсийг хэтрүүлэн хэрэглэгчид гэдэг.
Эцэст нь архинд донтох өвчин буюу архины хамааралтай хүмүүс архины хэрэглээнээс болж, өөрт нь эрүүл мэнд болон бусад хохирол учирч байгааг ойлгож байгаа боловч архиныхаа хэрэглээг багасгах буюу зогсоох чадваргүй хүмүүс.
Өөрөөр хэлбэл, бие, сэтгэцийн хувьд архинаас хамааралтай болсон хүмүүс юм. Харамсалтай нь хүмүүс архинд донтох өвчний дунд үед хүрсэн хирнээ үүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй.
Би архичин биш, гэр бүлтэйгээ байна, ажлаа хийж байна, аргагүй учир шалтгааны улмаас л уусан, дуртайдаа уугаагүй, хааяа л нэг уудаг гэх мэтээр өөрийн өвчнийг үгүйсгэдэг.
Үгүйсгэл хичнээн их байна, өвчин төдий чинээ л хүндэрсэн байдаг.
Согтолт болгоны дараа хүний 8000-20 000 хүртэл мэдрэлийн эс эргэн сэргэхгүйгээр устдаг.
Архи согтууруулах ундаа ууж эхлэх нас залуу байх хэрээр архинд донтох өвчинд өртөх эрсдэл нэмэгддэг.