Өнгөрсөн онд Дубайд бүтээгдсэн ангаахай самрын нухаш, шарсан кадайф гоймонтой шоколад дэлхийн даяар шуугиулсан.
Улмаар амттаны том жижиг үйлдвэрлэгчид энэ шоколадыг янз бүрээр дуурайлган хийж худалдаалах болсон байна.
Тэгвэл энэхүү бүтээгдэхүүнтэй төстэй байдлаараа хэрэглэгчдийг төөрөгдүүлэхээс сэргийлэх үүднээс Кельн мужийн шүүхийн шийдвэрээр ХБНГУ-д ийм дуураймал шоколадыг “дубай” бус, “дубай маягийнх” гэж нэрлэх болжээ.
Учир нь Германы бараа үйлчилгээний хараат бус шинжилгээ үнэлгээний “Штифтунг Варентест” сан худалдан борлуулагчид төдийгүй худалдан авагчдад ашиг тустай эсэхийг нь тогтоох үүднээс өөрийн улсад худалдаалагдаж буй бүх “дубай шоколад”-ны орц найрлагад шинжилгээ хийхэд тийм ч таатай биш дүн гарчээ.
100 грамм нь 7-25 еврогийн хооронд үнэтэй зургаан шоколаданд нарийвчилсан шинжилгээ хийжээ.
Гуравдугаар сарын 18-нд энэ шинжилгээний хариугаа зарласан бие даасан шинжээчид тэдгээр шоколаднаас “давтагдашгүй өвөрмөц амт, чанарын аль нь ч тогтоогдсонгүй” гэж дүгнэлээ.
Хоёр нь Дубайд, нэг нь Туркт, нэг нь Нидерландад, өөр хоёр нь Германд үйлдвэрлэгдсэн эдгээр шоколаднаас тренд болсон амттаны ховор чухал орц найрлага бус, харин хортой бодисууд илэрсэн байна.
Дубайгаас гаралтай шоколадуудаас ургамлын тосыг цэвэршүүлэх явцад үүсдэг 3 монохлоридпропандиол болон глицидилийн эфир илэрчээ.
Цэвэршүүлсэн дал модны тосонд илэрдэг эдгээр бодис хорт хавдар үүсгэх эрсдэлтэйд тооцогддог байна.
Түүнээс гадна Дубай гаралтай өөр нэг шоколад ангаахай самранд нийтлэг илэрдэг хорт хавдар үүсгэгч болох хөгц мөөгөнцрийн афлатоксин илэрчээ.
Үлдсэн дөрвөн шоколаднаас хортой бодис илрээгүй боловч шим судлалын үүднээс онцгой амт чанар тогтоогдоогүй байна.
Ангаахай самрын цэвэр амт АНЭУ-д үйлдвэрлэгдсэн ганцхан бүтээгдэхүүнд тогтоогдож, бусад нь ердийн самрын амттай байжээ.
Ангаахай самрын орцыг хамгийн ихдээ 19 хувь гэж мэдүүлсэн байгаа бол, гурван шоколадад энэ мэдээлэл ор тас байгаагүй аж.