Электрон тамхи татсаны улмаас үүсдэг EVALI гэх өвчний анхны тохиолдол энэ сарын 19-нд ОХУ-д бүртгэгджээ.
Энэ өвчтөн нь Томск хотын өсвөр насны хүүхэд бөгөөд түүний уушгийг чагнахад эрдэнэшишийн халсан бөмбөлгүүд тэсрэхтэй төстэй шуугиан сонсогдож байгааг эмч нар тогтоосон байна.
Хүндрүүлсэн нөхцөлд үхэлд хүргэх ч аюултай “Эрдэнэшишийн өвчин” гэгддэг энэ өвчний үндсэн шалтгаан нь зарим тамхины найрлагад байдаг Е витамины тослог, синтетик ацетат болдгийг одоогоор тогтоогоод буй юм.
Энэ аюултай бодис “тетрагидроканнабинол” агуулсан хууль бус найрлагаас ихэвчлэн илэрдэг байна.
Электрон тамхи уушгинд сөрөг нөлөөлж байгааг АНУ-д анх тогтоосон байдаг.
Цахилгаан тамхи хэрэглэгчид амьсгаа давчдах, ханиалгах, цээж хөндүүрлэх, амьсгалын замын бусад олон янзын зовуурь хэлж хандах нь эрс нэмэгдсэнээр АНУ-ын өвчлөлт хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв энэ чиглэлд гүнзгийрүүлж судалжээ.
Улмаар нийтлэг шинж тэмдгүүдийг нэгтгэж шинэ өвчний ангилал бий болгосныгоо, “электрон тамхины хэрэглээ болон вэйпингээс үүдсэн уушгины гэмтэл” гэсэн /E-cigarette, or vaping, product use associated lung injury/ англи өгүүлбэрийн товчлолоор EVALI гэж нэрлэсэн байна.
ОХУ-д электрон тамхи хэрэглэгч хүүхэд залуусын тоо 2023 оны эхэнд хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад 10 дахин өсжээ.