Израилийн Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын тохиолдол нэмэгдэж эхэлсэнтэй холбоотойгоор иргэддээ зургаадугаар сарын 25-наас амны хаалт зүүх шаардлага тавьж эхлэсэн байна. Иргэд спортоор хичээллэх үедээ амны хаалт зүүхгүй, бусад тохиолдолд бүхий л газар амны хаалтаа зүүх аж. Харин долоо хүртэлх насны хүүхдүүд амны хаалт зүүх шаардлагагүй гэжээ.
Хүн амынхаа талаас илүү хувийг коронавирусний эсрэг вакцинд хамруулсан улсуудын тоонд Израил багтсан ч халдвар хамгааллын дэглэмээ эргээд чангаруулж эхэлсэн байна. Тус улсад зургаадугаар сарын 1-нээс бараг бүх байгууллага хязгаарлалтуудаа цуцалж, зургаадугаар сарын 15-наас дотоод орчинд амны хаалт зүүхээ зогсоогоод байсан юм. Тус улсад энэ сарын эхээр халдвар бүртгэгдээгүй байсан бол сүүлийн өдрүүдэд хоногт коронавирусний халдварын 100 тохиолдлоор нэмэгдэх болсон байна.