“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416,1 км төмөр зам дагуу зэрлэг ан амьтны нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг чөлөөтэй нэвтрүүлэх зорилгоор төмөр зам, түүний дагуу хамгаалалтын хориг хашаа барихгүй байх тухай” мэдэгдлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2021 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 06/2084 тоот албан бичгээр “Монголын төмөр зам” ТӨХК-д ирүүлсэн.
Үүний дагуу манай компанийн зүгээс Малчин иргэдийн сонор сэрэмжтэй байдлыг дээшлүүлэх, мэдээлэл олгох, зааварчилгаа өгөх, таних тэмдэг байршуулах, галт тэрэгний хөдөлгөөнийг 2-3 цагийн өмнө орон нутгийн малчин иргэдэд утсаар мэдээлэх зэрэг Хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгаа өгөх ажлыг удаа дараа зохион байгуулж ирсэн.
Гэвч төмөр замын аюултай бүсэд хараа хяналтгүй, хариулгагүй мал орхисноос Галт тэргэнд мал дайрагдах тохиолдол гарч байна. Галт тэрэг нь олон тооны жинтэй ачаа тээвэрлэж явах үедээ тэр дороо зогсох, эгнээ байраа шилжүүлэх боломжгүй бөгөөд төмөр зам дээр саад таарсан үед яаралтай тоормос хийх тохиолдолд 1000-1200 метр газар туулж зогсдог.
Төмөр замын тээврийн тухай хуулийн “Төмөр замын аюултай бүсийн дэглэмийн журам”-ын 2.2-т зааснаар “Төмөр замын аюултай бүс нь галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн, ачилт буулгалттай холбоотой ажил, үйлчилгээний онцлог, төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах шаардлагаас хамааран дор дурдсан зай хэмжээтэй байна.
Үүнд:
-Төмөр зам, өртөө хоорондын замд захын төмрөөс 5 метр
- Өртөө зөрлөг, салбар замд захын зам төмрөөс 5 метр
Зөрчлийн тухай хуульд
5.1 Галт тэрэгний хөдөлгөөнийг саатуулж болох зүйлсийг төмөр зам дээр тавих, мал, ердийн хөсөг, тээврийн хэрэгслийг төмөр замын гарамгүй гарцаар гаргах
5.2 Төмөр замын аюултай бүсэд зөвшөөрөлгүй нэвтрэх
5.4 Галт тэргийг дур мэдэн зогсоох зэргээр галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн тус тус заасан байна.
Иймд Иргэд та бүхэн та төмөр замын ойр орчим, аюултай бүсэд малаа бэлчээх, хариулгагүй орхихгүй байх, хараа хяналт тавьж урьдчилан сэргийлэхийг Монголын төмөр зам ТӨХК онцгойлон анхааруулж байна!