Соёлын сайд Ч.Номин, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Соёл, аялал жуулчлалын төрийн сайд Прахлад Сингх Пателтэй цахим уулзалт хийлээ.
Уулзалтад Монгол Улсын Соёлын яамны төлөөлөл, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Соёл, аялал жуулчлалын яамны төлөөллөөс гадна Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх нар оролцлоо.
Сайд Ч.Номин Үндэсний Номын Сан болон Монголын Бурхны Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдэд хадгалагдаж буй судар бичгийг цахим хэлбэрт шилжүүлэх, Гандантэгчэнлин хийдийн номын сангийн бүтээн байгуулалтын ажил, Богд хааны ордон музейг сэргээн засварлах, БНЭУ-ын Соёлын харилцааны зөвлөлийн тэтгэлэгт хөтөлбөрт соёлын чиглэлээр оюутан, залуучуудыг хамруулах зэрэг ажлуудад дэмжлэг үзүүлж байгаад Энэтхэгийн талд талархал дэвшүүлэв.
Монгол, Энэтхэгийн харилцаа “стратегийн түншлэл”-ийн төвшинд хүрснийг дурдаад Прахлад Сингх Пател төрийн сайд болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Соёл, аялал жуулчлалын яам Монгол, Энэтхэгийн соёл, урлагийн найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
Хоёр орны соёлын сайд нар Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Засгийн газар хооронд байгуулсан 2019-2023 оны Соёлын солилцооны хөтөлбөрийн хэрэгжилтийг идэвхжүүлэх, хөтөлбөрийн хүрээнд хоёр орны зохиолчдын харилцан айлчлал хийх, нэрт зохиолч, яруу найрагчдын уран зохиол, яруу найргийн орчуулгыг харилцан сурталчлахад хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн Монгол Улс соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт түлхүү анхаарч байгаагаа дурдан, кино урлагийн салбарт ихээхэн ач холбогдол өгч Монголын уран бүтээлчдийг Болливудад туршлага судлуулах, солилцох талаар санал солилцов.
Түүнчлэн БНЭУ-ын Соёл, аялал жуулчлалын төрийн сайд Прахлад Сингх Пател Соёлын сайд Ч.Номинд чухал албан тушаалд томилогдсон явдалд баяр хүргэн, “Монгол Ганжуур”-ын үлдсэн ботиудыг 2021 оны эцэс гэхэд Монгол Улсад хүлээлгэн өгөх тухайгаа мэдэгдлээ. Соёлын сайд Ч. Номин “Ковид-19” цар тахлын хорио цээрийн дэглэм буурах үед БНЭУ-ын Соёл, аялал жуулчлалын төрийн сайд Прахлад Сингх Пателийг Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийг урив.