Ням гарагт Их Британийн тэрбумтан Ричард Брэнсон өөрийн үүсгэн байгуулсан Virgin Galactic компанийн хөлгөөр сансрын уудмын захад хүрсний дараа дэлхийд амжилттай газарджээ. АНУ-ын Нью Мексико муж дахь цөлөөс хөөрсөн хөлөг дэлхийн гадаргаас 88 км өндөрт хүрээд буцсан байна.
Брэнсонтой хамт энэ удаа нисгэгч Дэвид Маккэи, Майкл Масуччи нар, Virgin Galactic компанийн сансрын нисгэгчдийн сургагч Бэт Мозес, инженер Колин Беннет, дэд ерөнхийлөгч Сириша Бандла нар нисжээ.
Нислэг нийтдээ 59 минут үргэлжилж, хөлгийн зорчигчид цөөн хэдэн минутын турш жингүйдлийг мэдэрчээ.
Ричард Брэнсон сансарт жирийн хүмүүсийг аялуулах зорилготойгоор Virgin Galactic компаниа 17 жилийн өмнө байгуулж байсан байна. Тэрээр Virgin Galactic компанийн хөлгөөр сансарт нисэх 600 гаруй захиалгыг авсан бөгөөд хөлгийн нэг суудлын үнэ $250,000 юм байна.