Японы нийслэл Токио хотод Сovid-19 халдварын тархалт нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч байгаа тул “Токио 2020” олимпийн наадмыг үзэгчгүй зохион байгуулахаар болсныг өчигдөр /2021.07.08/ Зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Сэйко Хашимото мэдэгджээ. Мөн Канагава, Сайтама, Чиба мужуудад олимпийн уралдаан тэмцээнүүдийг үзэгчгүйгээр зохион байгуулахаар болсон байна.
Тус улсын эмч, мэргэжилтнүүд Covid-19-ийн “Дельта” хувилбар “Токио 2020” наадмын үеэр дэгдэж болзошгүйг анхааруулсаар байна. Тиймээс тус улсын Засгийн газар Токио хотод наймдугаар сарын 22-ныг хүртэл онцгой байдлын дэглэм тогтоох шийдвэр гаргасан байна.
Харин Паралимпийн наадмыг хэрхэн зохион байгуулахыг ирэх сард шийдвэрлэхээр болжээ. Олимпийн наадмын ихэнх тэмцээн уралдаанууд Токио хотод болох бол цөөн тэмцээнүүд хөрш мужуудад зохион байгуулагдах юм.
Зөвхөн Токио хотод өчигдөр Сovid-19 халдварын 896 шинэ тохиолдол нэмэгджээ. Одоогийн байдлаар Япон улсын хүн амын 14.5 хувь нь вакцинжуулалтад бүрэн хамрагдаад байна.