Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2023-09-10
Газар тариалангийн 1200 аж ахуйн нэгж 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ

МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дахь “М-Ти-Эс” группын “Сэлэнгэ тариа” ХХК-ийн тариалангийн талбайд ажиллав.

2023 онд улсын хэмжээнд 369.3 мянган га-д үр тариа, үүнээс 345.4 мянган га-д улаанбуудай, 18.4 мянган га-д төмс, 13.9 мянган га-д хүнсний ногоо, 89.3 мянган га-д малын тэжээл, 131.7 мянган га-д тосны ургамал, 7 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 629.6 мянган га-д тариалалт хийсэн.

Урьдчилсан балансаар улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 80 гаруй хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэж байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулав.Ингэснээр улаанбуудайн үйлдвэрлэл өнгөрсөн оноос 17 хувиар, хүнсний ногооны үйлдвэрлэл 18.3 хувиар, малын тэжээл 42.4 хувиар өсөх тооцоолол гарчээ.

“Сэлэнгэ тариа” ХХК нь 12 мянган га эргэлтийн талбайтай бөгөөд 1 га тутмаас 20-22 цн улаанбуудай болон үр тариа хураан авч, “Улаанбаатар Гурил” ХХК, “Өгөөж Гурил” ХХК, “Өег гурил” ХХК, “АПУ” ХК, “СББ” ХХК, “Майнд Тех” ХХК зэрэг компанид нийлүүлж байна.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Сэлэнгэ тариа” ХХК нь “Анхан шатны үр үржүүлгийн төв, үтрэм байгуулах” төсөлд хамрагдаж, хөнгөлөлттэй зээл авчээ.

Төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд нийт 7,500 тн улаанбуудай, үр тариа хадгалах хүчин чадалтай, хатаалга болон цэвэрлэгээний бүрэн автоматжуулсан үтрэм шинээр байгуулахаар ажиллаж байна.

Үндэсний хөдөлгөөний хүрээнд Улсын Их Хурал 36 дугаар тогтоолыг баталж, ирэх таван жилийн хугацаанд хүнс, хөдөө аж ахуйн салбарт 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийг хийхээр шийдвэрлэсэн.

Энэ дагуу арилжааны 10 банк жилийн 3-5 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатай, нийт нэг их наяд төгрөг хүртэлх зээлийг үйлдвэр эрхлэгчдэд олгож байгаа юм.

Өнөөдрийг хүртэл нийт 1,700 гаруй аж ахуйн нэгж 440 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын болон эргэх хөрөнгийн зээл аваад байна. Үүнд газар тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулж буй 1,200 аж ахуйн нэгж багтаж буй бөгөөд нийт 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн авчээ.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд мөн жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлж, зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлсөн.

Түүнчлэн хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг 2027 он хүртэл гаалийн албан татвараас чөлөөлсөн юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ