Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2023-11-20
Дэлхийн арьс, ширний группын байгаль орчны стандартыг нэвтрүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй Дэлхийн банкны санхүүжилттэй Экспортыг дэмжих төслийн хүрээнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-аас үзүүлж буй техникийн туслалцааны дагуу арьс шир боловсруулах үйлдвэрүүдэд Дэлхийн арьс, ширний группын байгаль орчны стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд Монгол Улсад анх удаа Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй “Булигаар” ХК болон “Арилдий” ХХК нь 2023 оны 11 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд стандартын аттестатчилалд орох гэж байна.

Аттестатчиллыг дүгнэхээр Дэлхийн арьс, ширний группын зөвшөөрөгдсөн аудитор Ага Валкейвикз Монгол Улсад хүрэлцэн ирснийг Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Монголын эрс тэс цаг агаарт дасан зохицсон бэлчээрийн мал аж ахуйгаас бэлтгэгдэж буй арьс, ширний онцлог шинж, арьс ширний салбарын өнөөгийн байдлыг танилцуулан, төрийн бодлого, цаашдын үйлдвэрлэлийн олон улсын чиг хандлагын талаар ярилцав.

Дэлхийн томоохон стандартуудын нэг болох уг стандартыг нэвтрүүлснээр Европын холбооны улсуудад Монгол Улсын боловсруулсан арьс, шир болон бэлэн бүтээгдэхүүн нэвтрэх үүд хаалга нээгдэх, цаашлаад байгаль орчинд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх нэг том арга зам болох юм.

Энэхүү стандартын аттестатчиллыг 17 бүлэг шалгуур үзүүлэлтээр тогтоох бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага, Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбоотой арьс, ширний үйлдвэрүүд хамтран сүүлийн хоёр жилийн хугацаанд бэлтгэл ажлыг хангасан байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ