Төв аймгийн #Эрдэнэсант сумын малчин П.Ариунболд УЛСЫН АВАРГА МАЛЧНААР, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч "Буянт төв" ХХК-ийн хамт олон УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛНООР шалгарч, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал шагналыг өнөөдөр гардуулан өгсөн байна.
Мал сүргийнхээ тоогоор тэргүүлэх Төв аймгийн #Эрдэнэсант сумаас Улсын аварга малчин өрхөөр шалгарсан Пунцагийн Ариунболд, гэргий Н.Баярсайханы хамт 40 гаруй жил мал маллаж, эрдэнэт мал сүргээ 4 төрөлд өсгөн үржүүлэн, ашиг шимийг нь нэмэгдүүлж, сум орон нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан ажиллаж буй ажил, хичээнгүй иргэдийн нэг юм. Мөн байгаль хамгаалах үйлсэд идэвх зүтгэл гаргаж, 2006 онд ''Дэлгэрэх'' малчдын бүлгийг байгуулан гол горхи, булаг шанд, ховор ан амьтад аргаль угалз, бугыг хамгаалж ажилласны үр дүнд 40-өөд тоотой байсан аргаль угалз 200 болж, буга 160 болон өссөн байна.
Улсын аварга тариаланч хамт олноор шалгарсан Төв аймгийн #Эрдэнэсант сумын "Буянт төв" ХХК-ийн хамт олон нь 2008 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлэн 3500 га эргэлтийн талбайд газар тариалан, үрийн аж ахуйн чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Тус компани нь 2023 онд орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан хоногт 12-18 тонн тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай дулааны аргаар боловсруулсан /Экструдер/ хүчитгэсэн хорголжин тэжээлийн үйлдвэр байгуулж, 3 аймгийн 13 сумдын малчдад нийлүүлэх зорилготой ажиллаж байгаа юм.
"Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг бүтээлчээр хэрэгжүүлэхэд манлайлан оролцож, газар тариалангийн салбарт техник технологийн шинэчлэлийг амжилттай нэвтрүүлж, хүн амыг эрүүл аюулгүй хүнсээр, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангаж, аймаг орон нутгаа хөгжүүлэх ажлыг байр нэмэгдүүлэх үйлсэд бодитой хувь нэмрээ оруулан ажиллаж байна