Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Ургамал газар тариалангийн хүрээлэн, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл хамтран зохион байгуулж буй “Газар тариалангийн салбарын өнөөгийн байдал-тогтвортой хөгжлийн гарц, шийдэл” сэдэвт онол, үйлдвэрлэлийн бага хурал Дархан-Уул аймагт өнөөдөр /2024.03.27/ эхлэв.
Байгаль орчин, Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал бага хурлыг нээж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурал “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Шинэ сэргэлтийн бодлого, Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай цогц төлөвлөгөө зэрэг баримт бичгүүдийг тус тус баталж, эдгээр бодлогын баримт бичгийн хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон зарлаж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төлөвлөгөө зорилтыг төсөвтэй нь баталж, үр дүнд хүрэх зорилт тавин ажиллаж, тодорхой үр дүнд хүрснийг онцлоод цаашид анхаарууштай сургамжууд ч байгааг тэмдэглэв.
Хүнсний хангамж, аюулгүй байдал нь Үндэсний аюулгүй байдлын салшгүй чухал хэсэг бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-ын эхний хоёр жилийн хэрэгжилтээр хүнсний ногоо, жимс жимсгэнийн нэр төрөл нэмэгдэж, хүнсний ногооны дотоодын хангамж 2023 онд 85 хувьд хүрч, хоёр дахин нэмэгдсэнийг дурдлаа.
Газар тариалангийн үйлдвэрлэлийг төрөөс дэмжих бодлого, хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэж, хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт бүтээгдэхүүний урамшуулал, стратегийн болон технологийн нөөц бүрдүүлэх зэрэг арга хэмжээг авч ажиллаж ирлээ. Гэвч сүүлийн гурван жилд хүнсний стратегийн гол бүтээгдэхүүн улаан буудайн тариалсан талбай 68 мянган га -аар, хураан авсан ургац 124.1 мянган тонн, нэгжийн ургац 1 цн-ээр буюу таван хувиар тус тус буурсны зэрэгцээ нийт хураан авсан ургацын 40 хувь нь I, II ангиллын бүтээгдэхүүн байна. Мөн дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж буй төмсний үйлдвэрлэлийн нэгжийн ургацын хэмжээ буурч, өвчлөл их, үрийн шинэчлэл шаардлагатай байгаагийн зэрэгцээ уламжлалт мал аж ахуйг байгаль цаг уурын эрсдэлээс, өндөр ашиг шимт малын ашиг шимийг бүрэн авах үндсэн үйл ажиллагааны нэг гол зүйл бол малын тэжээлийн ургамлын тариалалт, уураг амин дэмт олон найрлагат тэжээлийн үйлдвэрлэлийн хангалтад төдийлөн үр дүнд хүрч чадаагүйг онцлон тэмдэглэв.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга хэлсэн үгийнхээ төгсгөлд “Өнөөдрийн бодит нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, экологид ээлтэй, бүтээмж өндөртэй, эрсдэл даах чадвартай, эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд бодлогын технологийн, үйлдвэрлэлийн тулгамдаж байгаа асуудал, цаашид газар тариалангийн салбарын тогтвортой хөгжлийг хангах гарц, шийдлийг тариалангийн үйлдвэрлэлийн ачааны хүндийг үүрч, нийт үйлдвэрлэлийн 90 хувийг үйлдвэрлэж буй төвийн бүсийн тариаланчид, мэргэжилтнүүд, эрдэмтдийн хамтаар хэлэлцэн, оношоо зөв тодорхойлж, ойрын хугацаанд баримтлах бодлого, авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ төлөвлөж, тууштай хэрэгжүүлж, бүтээмж өндөртэй, өрсөлдөх чадвартай тэргүүлэх салбар болгох явдал бидний зорилт байх учиртай” гэдгийг мэдэгдлээ.