Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2024-04-23
Монгол орны ихэнх гол мөрний мөс хайлж, нимгэрчээ

2024 оны дөрөвдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрөмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш аажим буурсан хандлагатай байсан ба эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 10-50 см ахиу байна. 

Харин Бэлтэс, Бүгсий голд мөс байрандаа хайлах, мөсөн дээгүүр ус урсах үзэгдэл голлон ажиглагдаж 20 см орчим зузаан мөстэй байна. Хөвсгөл нуур Хатгал тосгон Ханх сум орчимд 100-125 см зузаан мөстэй усан зах үүссэн байдалтай байна.

Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Хойттамир, Урдтамир зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-50 см нимгэрч, усан зах үүсч, мөс байрандаа хайлах, мөс харлах, шингэн цөн, харз гүйх зэрэг үзэгдэл зонхилон ажиглагдаж байна. Өгий болон Тэрхийн-Цагаан нуур 100-105 см зузаан мөстэй байгаа нь дөрөвдүгээр сарын 11-ний өдрийнхөөс 5-15 см нимгэрчээ. Дээрх голуудын усны түвшин өмнөх арав хоногийн дунд хүртэл хоногт 1-2 см буураад хугацааны сүүлээр мөсний үзэгдэл эрчимжсэнээс болж аажим нэмэгдсэн хандлагатай байв. 

Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Тэрэлж, Туул, Сөгнөгөр, Сэлбэ, Улиастай, Шивэрт зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш буурсан ерөнхий явцтай байсан ба эдгээр голуудад мөс байрандаа хайлах, мөсөн дээгүүр ус урсах зэрэг хаврын мөсний үзэгдэл голлон ажиглагдаж байна. Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшин олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхээс 20-70 см ахиу байна.

Сэлэнгэ мөрөн Орхон голын дагууд өнгөрсөн хугацааны турш түвшний бууралт ажиглагдсөн бөгөөд ус судлалын Орхон-Бат-Өлзийт харуул орчимд болон доош цөнгийн хахаа үүссэн байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ