БНХАУ хулсны баавгай буюу пандагийн дипломат ажиллагаа хэрэгжүүлээд олон жил болж байна.
Тэгвэл энэ жишгээр Малайз улс өөрийн орны онцлог гэгдэх “Орангутанг” сармагчны дипломат бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Малайзын Тариалангийн аж үйлдвэр, түүхий эдийн сайд Жохари Абдул Гани "Малайз улс хэзээнээсээ биологийн олон төрөл зүйлийг хадгалж хамгаалах бодлого явуулж ирсний илэрхийлэл болгож, өөрөөс нь далдуу модны тос ахиу хэмжээгээр импортолж байгаа орнууддаа "Орангутанг" дипломатын стратеги хэрэгжүүлнэ" гэжээ.
Өөрөөр хэлбэл, Малайз улс Европын холбоо, Энэтхэг, Хятад зэрэг далдуу модны тосны гол томоохон импортлогч худалдааны түншүүддээ "Орангутанг" сармагчин бэлэглэх юм байна.
Харин Дэлхийн байгаль хамгаалах сан зэрэг экологийн байгууллагуудын зүгээс орангутаныг төрөлх орчин нөхцөлд нь хадгалж хамгаалах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлжээ.
Малайзын дотоодын байгаль хамгаалах байгууллагын зүгээс ч мөн Засгийн газартаа энэхүү санаачилгыг дахин сайтар судалж, дипломатын өөр арга хэрэгслүүдийг ашиглахыг уриалжээ.