АНУ-ын Мичиган мужид үхрийн сүүний фермерт ажилладаг ажилтан өндөр хоруу чанартай шувууны томуугийн H5 хэв шинжээр өвчилсөн байна.
Тухайн улсын хувьд 3 дахь тохиолдол боловч сүүний чиглэлийн үхрийн фермийн орчноос халдвар авсан 2 дахь тохиолдол болж байна.
Хамрын хөндийгөөс авсан арчдаснаас илрээгүй боловч нүднээс авсан арчдаснаас халдвар илэрчээ.
Тухайн өвчтөнд нүд улайхаас өөр шинж тэмдэг илрээгүй байна.
Шувууны томуу өвчнөөр нүүдлийн шувуудаас гадна усны болон хуурай газрын хөхтөн амьтад, тэжээвэр амьтдаас муур, ямаа, үхэр зэрэг амьтад өртөж байна.
2024 оны дөрөвдүгээр сарын 23 ны байдлаар АНУ-ын 9 мужийн 58 сүүний чиглэлийн фермерийн үхрүүдэд өндөр хоруу A(H5N1) хэв шинж бүртгэгджээ.
Анх нүүдлийн шувуудаас (бохирдсон орчноос) халдвар авсан боловч сүүлд үхрээс (аж ахуй орчноос) үхэрт халдвар дамжсан байх магадлалтай байна.