Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2024-05-27
Папуа Шинэ Гвиней улсад хөрсний гулгалт үүсэж, 600 гаруй хүн сураггүй болжээ

НҮБ-аас Номхон далайн Папуа Шинэ Гвиней улсад өнгөрсөн 7 хоногт уулархаг газрын хөрсний гулгалт үүсэж, 600 орчим хүн сураггүй алга болсон, тэд дарагдаж амиа алдсан байж болзошгүй гэж мэдээллээ. 

Тус улсын хойд нутгийн Энга мужид 150 гаруй барилга хөрсөнд дарагдсан тул амиа алдсан байж болзошгүй хүний тоог ингэж тооцоолж буй юм байна. Дарагдсан хүмүүсийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа ч газрын гадаргын тогтворгүй байдал, байгалийн гамшиг тохиолдсон бүсийн алслагдмал зай, хөрсөнд дарагдаж сүйдсэн замууд эрлийн ажилд саад болж байна гэж Шинэ Гвиней улсын албаныхан мэдээлж байна.

Нурсан хөрсөн доогуур ус үерлэх эрсдэлтэй тул дарагдсан хүмүүс болоод эрлийн ажилчдад маш хүндрэлтэй байгааг НҮБ-ын Цагаачлалын албанаас мэдээлжээ.

Одоогоор хөрсний нурангид 150 барилга дарагдсан, 1250 орчим оршин суугч орон гэрээсээ дайжиж, 250 барилга хаягдаж хоцорчээ.

Дарагдсан барилгууд 8 метр зузаан хөрсөнд дарагдсан байна. Дарагдсан хүмүүсийг ухаж гаргахын тулд маш зузаан давхаргыг цэвэрлэх шаардлагатай гэж хүмүүнлэгийн байгууллагууд тайлбарлажээ.

Гамшиг болсон газар 4000 орчим хүн оршин суудаг байжээ. Одоогоор их хэмжээний хөрсний нурангийг цэвэрлэхээр армийнхан ажиллаж байна.

Хөрсийг хурдан хугацаанд ухаж зайлуулах чадалтай хүнд машин техник хэрэгтэй байгаа ч Энга мужийн алслагдмал тосгон руу хүрэх гол зам хаагдсан тул хүндрэл үүссэн байна.

НҮБ-ын тусламжийн байгууллагаас гамшиг болсон газар руу хүнс, ус зөөх, орон гэрээсээ дайжсан хүмүүсийг байршуулах газар бэлдэхэд тусалж байна гэж мэдээллээ.

Одоогоор 6 хүний цогцсыг гаргаж ирсэн гэж олон улсын агентлагууд мэдээлж байна.

Аврах ажиллагааны явцаас хамаарч эндсэн хүний тоо хэд ч хүрч болзошгүй байна гэж НҮБ-аас мэдээллээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ