Өмнөд Солонгосын Засгийн газар, Үйлдвэрчний эвлэлийн холбоод, Аж ахуйн нэгжүүдийн холбоо болон бизнесийн салбарынхан ажил, амьдралын тэнцвэрийг сайжруулах зорилгоор долоо хоногт ажиллах өдрийн тоог дөрөв болгон бууруулах асуудлыг энэ 7 хоногт хэлэлцэх гэж байна.
Одоогоор тус улсад долоо хоногийн ажлын нийт цагийг 52-оор хязгаарлаж, үүний 40 цаг нь үндсэн ажлын цаг, 12 нь илүү цаг байх журам үйлчилж буй юм байна.
Засгийн газар болон бизнесийн салбарынхан одоогийн ажлын долоо хоногийн системийг илүү уян хатан болгон өөрчлөхийг дэмжиж байгаа, харин үйлдвэрчний эвлэлүүд долоо хоногт ажлын дөрвөн өдөртэй болох нь ажиллах цагийн урт улам нэмэгдэх эрсдэлтэй гэж үзэж байна.
Ажлын үндсэн цаг дээд тал нь 52, үүний 40 нь үндсэн, 12 нь илүү цагаар тооцож байгаа нь ажил, амьдралын тэнцвэрийг дорвитой хангаж чадахгүй байна гэж эрх барих түвшинд үзэж байгаа юм байна.
2022 оны мэдээллээр нэг солонгос хүн дунджаар 1901 цаг ажилласан нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн улсуудын дунджаас 149 цагаар илүү гарсан байна.
Юн Сог Ёлын Засгийн газар өнгөрсөн оны гуравдугаар сард долоо хоногт ажиллах өдрийн тоог бууруулах замаар системийн шинэчлэлт хийхийг оролдсон боловч ажлын цаг уртасна гэж болгоомжлогчдын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан юм.