БНСУ-ын Засгийн газар болон эрх баригч Ардын хүч нам энэ зун олон жилийн дунджаас илүү халуун зун болж байгаатай холбогдуулан эмзэг бүлгийн 1.3 сая айл өрхөд цахилгаан, эрчим хүч үнэгүй хэрэглэх эрхийн бичиг буюу талон олгохоор тохиролцсон байна.
Төрөөс дэмжлэг үзүүлэх энэхүү схемийг Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, эрх баригч намын хамтарсан хуралдааны үеэр зарлажээ.
Дэмжлэгийн мөнгөн дүнг өнгөрсөн оныхоос 10.000 воноор нэмэгдүүлснээр эмзэг бүлэгт багтдаг айл өрх 53.000 вон буюу 38 ам.доллар хүртэлх үнийн дүнд багтаан цахилгаан эрчим хүч үнэгүй хэрэглэх эрхтэй болох юм.
Өмнөд Солонгосын Цаг уурын агентлаг энэ зун олон жилийн дунджаас илүү халах төлөвтэй байгаа тухай урьдчилсан мэдээллийг гаргасан байна.
Мөн зуны улиралд эмзэг бүлэгт хамаардаг 3.6 сая айл өрхөд цахилгааны хязгаарлалт тогтоохгүйгээр хэрэглээг нь сунгахаар Засгийн газар нь шийдвэрлэжээ.