Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2024-06-21
Өмнөд Солонгос хүн ам зүйн хямралаа даван туулахын тулд онц байдал зарлалаа

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл хүн ам зүйн хямралаа даван туулахын тулд онц байдал зарлаж, гурван чиглэлд цогц бодлого боловсруулж, хариу арга хэмжээ авахаа мэдэгдэв.

Тухайлбал, Засгийн газраас гэр бүлийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс эцэг, эхэд байгууллагаас олгодог хүүхэд асрах чөлөөний хугацааг уртасгаж, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх, төрөөс хүүхэд асрах хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэх мэт иргэд рүүгээ чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Ирэх 2025 он гэхэд Өмнөд Солонгос улсад төрөлтийн түвшин 0.6 болж буурах төлөвтэй байна.

Хөх ордон юуны түрүүнд хүн ам зүйн хямралаа даван туулахын тулд зөвхөн энэ асуудалд төвлөрч, бодлогын түвшинд ажиллах Хүн амын стратегийн төлөвлөлтийн шинэ яам байгуулж байна.

Шинэ яам нь хүн амын асуудал, ялангуяа төрөлтийг нэмэгдүүлэхтэй холбоотой стратеги боловсруулж, төсөвтэй уялдуулан, холбогдох төслүүдийн талаар мужийн захиргаа, төр хувийн хэвшилтэй хамтран ажиллах эрх мэдэлтэй байх юм.

Энэ хүрээнд шинэ хүүхэд төрөх үед аавуудад 3 хүртэлх сарын хугацаатай цалинтай чөлөө олгож, энэ хугацаанд авах тэтгэмжийн хэмжээг 2.5 сая болгож өсгөхөөр төлөвлөж байна.

Мөн төрөөс хүүхэд асрах хөтөлбөр хэрэгжүүлнэ. Тухайлбал, 3-5 насны хүүхдүүдэд улсаас үнэ төлбөргүй асаргаа болон боловсролын үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ.

Өмнөд Солонгост шинээр гэр бүл болсон хосуудын хувьд орон сууц, боловсролын өртөг өндөр, ажлын цаг урт зэрэг олон шалтгааны улмаас гэр бүл зохиох, хүүхэдтэй болохоос зайлсхийдэг гэсэн судалгаа гарчээ.

Иймээс шинээр гэрлэсэн болон шинээр төрсөн хүүхэдтэй хосуудад орон сууц худалдан авахад төрөөс дэмжлэг үзүүлэх зэрэг бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ