Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2024-06-26
“Чанъэ-6” аппарат сарны цаад талын хөрсний дээжийг дэлхийд авчирлаа

БНХАУ-ын "Чанъэ-6" аппарат сарны цаад талын хөрсний дээжийг дэлхийд амжилттай авч ирлээ гэж тус улсын төрийн хэвлэл мэдээллээ.

Энэ нь түүхэнд сарны судлагдаагүй тал буюу ар талаас хөрсний дээж цуглуулж, дэлхийд авчирсан анхны тохиолдол болж байна.

Энэ хөрсний дээж сарны хоёр талын газарзүйн ялгааг танин мэдэх, гарагууд хэрхэн үүсэн бий болдог, саран дээр байгалийн ямар нөөц байгааг тогтоох шинжлэх ухааны гол хариултыг өгнө гэж эрдэмтэд найдаж байна.

Хятадын эрдэмтэд сарнаас дэлхийд авчирсан энэ хөрсөнд 2.5 сая жилийн настай галт уулын чулуулаг, хөрс шороо байгаа гэж таамаглаж буй юм байна.

Ер нь дэлхийн эрдэмтэд энэ дээжээс сарны цаад тал ус, хүчилтөрөгч, устөрөгч агуулж байж магадгүйг олж нээнэ гэсэн найдвар тээж байна.

Энэ аппаратыг зургаадугаар сарын 2-ны өдөр "Цюэцяо-2" холбооны хиймэл дагуулд тээн сарны цаад талын Өмнөд Туйлын Аполлон тогооны бүсэд амжилттай газардуулсан, аппаратыг хөөргөгч модуль сарны цаад талаас цуглуулсан дээжийг тээж зургаадугаар сарын 4-ний өдөр сарны гадаргуугаас хөөрсөн юм байна.

Сарны цаад талаас хөрсний дээж авчрах энэхүү даалгавар 53 хоног үргэлжилсэн байна.

Хятад улс 2019 онд сарны цаад талд газардсан цорын ганц улс болсон. Энэ удаагийнх бол Хятадын хувьд сар руу хийсэн 6 дахь, сарны цаад талд гарсан 2 дахь тохиолдол юм.

Дэлхийгээс алслагдсан ар тал нь аварга том тогоо, цөөхөн хавтгай гадаргуутай учраас түүнд хүрэхэд техникийн хувьд хэцүү байдаг гэж сансар судлалд үздэг юм байна.

БНХАУ Америк, Оросыг гүйцэхийн тулд сүүлийн 10 жилийн хугацаанд сансар судлалын хөтөлбөрт ихээхэн хүч, нөөцийг зарцуулж байгаа. Үүний зэрэгцээ 2030 он гэхэд Хятад улс сар руу сансрын баг илгээх, бүр цаашлаад сарны өмнөд туйлд бааз байгуулахаар төлөвлөж байна.

Шинжээчид сансрын төлөөх өрсөлдөөн зөвхөн хүнийг саран дээр гаргах бус харин сарны минералын нөөцийг хянахын төлөө байх болно гэж үзэж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ