Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2024-06-27
Жулиан Ассанж суллагджээ

“Викиликс” сайтыг үндэслэгч, Австралийн сэтгүүлч Жулиан Ассанж сүүлийн 14 жил үргэлжилсэн хууль шүүхийн мөрдлөг мөшгөлтийн эцэст эрх чөлөөтэй болж байна.

АНУ-ын Холбооны тойргийн шүүх түүний сүүлийн таван жил Лондоны “Белмарш” чанга дэглэмтэй шоронд хоригдсон хугацааг эдлэх ёстой ялд хамруулж тооцсоноор түүний эсрэг хэргийг албан ёсоор хааж, шүүх танхимаас суллан явуулжээ.

Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар, Жулиан Ассанж АНУ-ын эрх баригчидтай хэлэлцэн тохирсны үндсэн дээр нууц мэдээлэл олж авч, тараах зорилготой гэмт хуйвалдаанд оролцсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Америкийн талаас түүнд харин дахиж энэ асуудлаар нэмж хэрэг тулгахгүй гэдэг амлалт өгсөн байна.

Америкийн түүхэнд хамгийн их хэмжээний нууц материал задруулсан хэрэгт буруутгагдаж байсан Жулиан Ассанж энэ тохиролцооны хүрээнд энэ сарын 24-нд Лондон дахь чанга дэглэмтэй шоронгоос гарч, уржигдар АНУ-ын Сайпан аралд болсон шүүх хуралд оролцжээ.

Жулиан Ассанжийг 2010 оноос хойш Ирак, Афганистан дахь цэргийн ажиллагаа зэрэг Америкийн цэрэг, дипломатын үйл ажиллагаатай холбоотой 700 мянга орчим нууц баримт задруулсных нь мөрөөр АНУ-ын шүүхээс 17 зүйл ангиар буруутгаж, 175 жилийн хорих ял төлөвлөж байсан. Улмаар АНУ-аас эрэн сурвалжлагдаж байсан тэрбээр 2012 оноос Лондон дахь Эквадорын ЭСЯ-нд бараг 7 жил орогносны эцэст 2019 оны 4 сард Британийн цагдаагийнханд саатуулагдан, хоригдож байсан юм.

Австралийн Ерөнхий сайд Энтони Альбаниз 2022 онд албанд орсон цагаасаа Жулиан Ассанжийг суллуулах хүч чармайлт тавьсан учир ийм үр дүнд хүрлээ гэж Жулиан Ассанжийн ар гэрийнхэн, дэмжигчид нь баяр хүргэсэн байна.

Жулиан Ассанж өчигдөр хувийн онгоцоор Сайпан арлаас Австралийн нийслэл Канберрад хүрэлцэн очжээ.

“Викиликс” сайт үргэлжлэн ажиллаж, Жулиан Ассанж үг хэлэх эрх чөлөө, Засгийн газрын ил тод үйл ажиллагааны төлөө тэмцэнэ гэдэг байр суурийг түүний өмгөөлөгч Барри Жей Поллак ярьсныг Австралийн "ABCNews" телевиз уламжилсан байна.

Мөн өөр нэг өмгөөлөгч нь болох Женнифер Робинсон одоогийн үр дүн ижил нөхцөл байдалд орсон өөр бусад сэтгүүлчдэд итгэл найдвар өгнө гэж ярьсан байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ