Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний экспортлох, импортлох үед тавигдах дүрэм, журам, , ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага, стандартыг танилцуулах, аж ахуйн нэгжийн чадавхыг сайжруулах зорилгоор БНХАУ-д хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн экспортлох үеийн ариун цэвэр, эрүүл ахуйн ерөнхий шаардлага, холбогдох дүрэм, журмын талаарх сургалтыг зохион байгууллаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар, Монголын хүнсчдийн холбоо ТББ хамтран зохион байгуулсан тус сургалтад мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүд, сүү боловсруулах үйлдвэрүүд, гурилын үйлдвэрүүд, самар экспортлох аж ахуйн нэгжүүд, загас экспортлох аж ахуйн нэгжүүд, зөгийн бал экспортлох аж ахуйн нэгжүүд зэрэг 70 гаруй аж ахуй нэгжийн 120 хүн хамрагдав.
Арга хэмжээг нээж ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн үг хэлсэн бөгөөд Хүнсний үйлдвэрт түгээмэл хэрэгжүүлэх ариун цэвэр, эрүүл ахуйн дүрэм (GB14881-2013), Ундны усны стандарт (GB5749-2006), Мал, амьтан, тахиа шувуу төхөөрөх, боловсруулах эрүүл ахуйн дүрэм (GB12694-2016), Боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн эрүүл ахуйн дүрэм (GB19303-2023), Сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зохистой дадал (GB 19693-2010), Халааж ариутгасан сүү (GB19645), Импортын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гадаадын аж ахуйн нэгжүүдийг бүртгэх БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын захиргааны журам №248, “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем” (БТКУС, HS code)-ийн ангилал, зүйл, БНХАУ-ын Гаалийн Ерөнхий газарт хүсэлт гаргах аргачлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулга хийлээ.